Их сургуулийн эмнэлэг
Нүүр Ам Судлалын Төв Эмнэлэг
Монгол Улсын анхны бие даасан нүүр амны төв эмнэлэг — оношилгоо, эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээний нэгдмэл үйл ажиллагаа.
Тухай
1997 оны 9 сард Финлянд Улсын Засгийн газар, Финляндын Олон улсын тусламжийн ЛКА байгууллага, Монгол Улсын Анагаах Ухааны Их Сургуулийн хамтарсан "Амны хөндийн эрүүл мэнд" төсөл хэрэгжиж, 2000 онд дууссанаар төслийн хүрээнд байгуулагдсан Шүдний иж бүрэн клиникийг АУИС-ийн Нүүр ам судлалын сургуульд хүлээлгэн өгснөөр НАСТЭ-ийн эх суурь тавигдсан. 2008 онд ЭМШУИС-ийн захирлын А/06 тушаалаар "Эрхэс" зөвлөх поликлиник болж, 2011 онд 5 тасаг, 34 эмч ажилчдын бүрэлдэхүүнтэй "Шүд Эрүү Нүүрний Эмнэлэг" нэртэйгээр өргөжсөн.
2017 онд 32 үзлэгийн машинтай, 40-50 хүнд нэгэн зэрэг үйлчлэх хүчин чадалтай, 1650 м² бүхий зургаан давхар шинэ байртай болж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. АШУҮИС-ийн захирлын 2021 оны 10 сарын 04 өдрийн А206 тоот тушаалаар их сургуулийн эмнэлгийн бүтэц зохион байгуулалт руу шилжиж, бие даасан Нүүр Ам Судлалын Төв Эмнэлэг болж байгуулагдсан.
Эрхэм зорилго: хүн амд нотолгоонд суурилсан нүүр амны нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай, түргэн шуурхай үзүүлж, сургалт-эрдэм шинжилгээ-эмнэл зүйн үйл ажиллагааны нэгдлийг хангах. Алсын хараа: олон улсад магадлан итгэмжлэгдсэн, оношилгоо, эмчилгээ, сургалт, судалгаагаар манлайлагч үндэсний тэргүүлэх их сургуулийн эмнэлэг байх.
НАСТЭ-д нийт 70 эмч, сувилагч, ажилтны бүрэлдэхүүнтэйгээр нүүр амны эмчилгээ, согог засал, мэс засал, гажиг засал, хүүхдийн нүүр ам судлал, урьдчилан сэргийлэлт, дүрс оношилгоо, технологийн чиглэлүүдээр эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна.